Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэх 86 төрлийн үйлчилгээг E-Mongolia болон E-Business платформд нэвтрүүлсэн талаар 11 дүгээр сарын 19-ний өдөр ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Эхний ээлжинд нийслэлээс цахим хэлбэрээр үзүүлдэг хамгийн эрэлттэй 10 үйлчилгээг 9 дүгээр сарын 25-нд тус платформд нэвтрүүлсэн. Өнөөдөр дахин 76 үйлчилгээг нэмснээр нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, хоол үйлдвэрлэл, зочлох, чийрэгжүүлэх, бялдаржуулах болон ахуйн үйлчилгээ, тоглоомын төв, соёл урлагийн үйлчилгээ, үйлдвэрлэл зэрэг 11 чиглэлийн 86 төрлийн үйлчилгээг www.e-mongolia.mn, www.e-business.mn платформоос авах боломжийг бүрдүүлж байна.
Өнөөдрийн байдлаар E-Business платформд нэвтрүүлсэн хүнсний дэлгүүр, ресторан, минимаркет, баар /караоке/, цайны газар, супермаркет, зочид буудал зэрэг эхний 10 үйлчилгээний нийт 101 хүсэлт амжилттай илгээгдсэн байна.
Хүсэлтээ гаргаад нэг удаа эрх авсан бол дараагийн удаа эрхээ сунгуулах шаардлагагүй төдийгүй хүсэлтийг ажлын 20-30 хоногийн дотор ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр гаргах юм. Заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй тохиолдолд бол Засгийн газрын иргэдэд үйлчлэх 1111 төв болон ЦХХХЯ-нд хандана.
Харин “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын 10.2-т зааснаар 3-аас дээш удаа журам зөрчсөн, хууль тогтоомж, стандарт, тавигдах шаардлагыг хангаагүй, зөрчил арилгах үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хяналт шалгалтын дүн, эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн үйл ажиллагаа явуулах эрх цуцлагдах аж.
Иргэн та өөрийн болон аж ахуйн нэгжийнхээ бүртгэлээр E-Mongolia, E-Business платформд нэвтрэн орж, нийслэлийн зөвшөөрлүүд гэсэн ангиллаас өөрийн үйл ажиллагаа эрхлэх төрлийг сонгон хүсэлтээ илгээнэ. Хүсэлтийн шат болгоны төлвийг www.e-mongolia.mn, www.e-business.mn платформын “хүсэлтүүд” цэсээс харах боломжтой.