E-Mongolia Academy

E-Mongolia3.0 шинэчилсэн хувилбарын нээлтийн үйл ажиллагаа болов

Төрийн үйлчилгээний нэгдсэн платформ “E-Mongolia”-гийн шинэчилсэн “E-Mongolia3.0” хувилбарыг өнөөдөр нээлээ. “E-Mongolia3.0” нээлтийн үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал болон УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Олон Улсын болон үйлчилгээгээ цахимжуулсан төрийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл 250 гаруй зочид оролцов. 

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа 2050” урт хугацааны нэгдсэн бодлогын баримт бичигтэй болж, “Цахим Монгол” зорилтыг дэвшүүлж, сүүлийн 3 жилд цахим шилжилтийг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэхүү бодлогын баримт бичгийн хүрээнд төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-г 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх боломжтойгоор анх олон нийтэд танилцуулж байсан. 

Тэгвэл өнөөдөр 81 байгууллагын 1000 гаруй үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлсэн төдийгүй 1.6 сая хэрэглэгчтэй болсон нь Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 73 хувийг эзэлж байна. Түүнчлэн иргэд 3 жилийн хугацаанд нийт 28 сая удаагийн амжилттай үйлчилгээг E-Mongolia системээр дамжуулан авснаар нийтдээ 254 тэрбум төгрөгөө хэмнэсэн гэх тооцоо бий.

2021 оны 09 дүгээр сарын 17-нд “E-Mongolia 2.0” хувилбарыг танилцуулсан. Үүний үр  дүнд иргэд E-Mongolia гар утасны аппликэйшныхаа профайл хэсгээс иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, зээлийн мэдээлэл, татвар, үнэт цаас, хувьцаа, нийгмийн даатгал зэрэг 6 төрлийн 9 үйлчилгээний мэдээллийг өөрөө харах боломжтой болсон. 

Харин өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “И-Монгол академи” УТҮГ-аас “E-Mongolia 3.0” шинэчилсэн хувилбарынхаа хүрээнд хийсэн шинэ, содон, ухаалаг шийдлүүдийг танилцуулж байна. 

ЦОО ШИНЭ ӨНГӨ ТӨРХ

E-Mongolia систем хэрэглэгчдэд ойлгомжтой, ашиглахад илүү хялбар боллоо. Тус өөрчлөлтийг хийхийн тулд E-Mongolia системийн хэрэглэгчдийг судалж мэдээллийн технологи ашиглах туршлага, зан үйлд нь үндэслэн систем ашиглахад хүндрэл учруулдаг “нэвтрэхэд төвөгтэй, хайж  буй үйлчилгээ хялбар олддоггүй, хүртээмжийн шаардлага хангаагүй, үйлчилгээний шийдвэрлэлтийн явц ойлгомжгүй” зэрэг олон асуудлыг шийдэх байдлаар UI, UX дизайныг сайжруулав.

E-Mongolia систем хэрэглэгчдийн 85 гаруй хувь нь гар утасны аппликэйшнаар дамжуулан үйлчилгээ авдаг тул E-Mongolia 3.0 хувилбараар дараах шинэчлэлүүдийг хийлээ. Үүнд, 

  • Хэрэглэгчид иргэний үнэмлэхийн зургаа харуулахгүй байх, бүрсийлгэх, dark mode горимоор ашиглах зэрэг тохиргоог өөрөө хийх
  • 4 оронтой код хийлгүй хурууны хээ болон царай таньж нэвтрэх
  • Яаралтай тусламжийн тусгай дугаарууд руу шууд дуудлага хийх
  • Тухайн хэрэглэгчийн хамгийн их ашигладаг үйлчилгээг хамгийн ойр харуулах буюу хандалт ихтэй үйлчилгээ санал болгох боломжтой болсон юм. 

Мөн E-Mongolia систем вэб порталдаа, 

  • Системд хандахад хамгийн түрүүнд хайлтын хэсэг гарч ирэх шийдэл
  • Хянах самбараас үйлчилгээний хүсэлт шийдвэрлэлтийн явц, сонордуулга гэх мэтээр бүхнийг хянах боломж
  • Хэрэглэгчид ойр, амьд сэтгэгдэл төрүүлэхүйц хөдөлгөөнт анимэйшн бүхий өнгөлөг шийдлийг та бүхэнд санал болгож байна.  

ДЭД БҮТЦИЙН САЙЖРУУЛАЛТ

E-Mongolia системд 1 сард дунджаар 520 сая гаруй хандалт ирдэг бөгөөд Монголоос 500 сая, Оросоос 2.1 сая, Өмнөд Солонгосоос 8.8 сая, Америкаас 1.7 сая, Сингапураас 1 сая, Австралиас 870 мянга хандалт тус тус ирдэг.

E-Mongolia платформ нь хэрэглэгчийн хандалт, сүлжээний урсгал, ачаалал зэргээ хянаж ачаалал ихтэй үед ухаалгаар өөрийгөө өргөтгөж, ачаалал буурсан үед буцаж багасгах чадвартай AI /хиймэл оюун ухаан/ дээр суурилсан функц бүхий динамик шийдэл нэвтрүүлсэн. Ингэснээр платформ үр ашигтайгаар ажиллаж, олон төрлийн хэмнэлт хийхээс гадна илүү хурдтай, гацахгүйгээр нэг агшинд 2 сая хэрэглэгчийн ачааллыг зэрэг даадаг болж байна. Үүнээс үүдэн E-Mongolia платформтай хамтран ажиллагч төрийн бусад олон байгууллагууд өөрсдийн үйлчилгээний системийн аюулгүй байдал, ачаалал даах чадвараа сайжруулахад анхаарах зайлшгүй шаардлагатай болж байна.

ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДАЛ

2022 оны байдлаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 115,115 иргэн байгаагийн  11.2% буюу 12,892 нь харааны бэрхшээлтэй иргэд байна. Эдгээр иргэд дэлгэц унших програмын тусламжтайгаар бусад төрлийн вэб сайт, гар утас, мэдээллийн технологийг ашигладаг. Дэлгэц уншигч програмууд тодорхой стандартын дагуу хөгжүүлсэн системүүдийн үйлдлийг дэмжиж ажилладаг. E-Mongolia 3.0 шинэчлэлээрээ ОУ-ын WCAG стандартын дагуу хөгжүүлэлт хийснээр дурын дэлгэц уншигч програм ашиглан E-Mongolia системийг саадгүй ашиглах боломжтой боллоо. 

Мөн сул хараатай хүмүүст зориулсан дэлгэцийн тохиргоог шинээр хийсэн. Үүний үр дүнд өнгөний контраст өөрчлөх, шөнийн горимд шилжих, үсгийн фонт өөрчлөх, хэмжээг ихэсгэж багасгах гэх мэт тохиргоонуудыг иргэн өөрийн нөхцөл байдалд тохируулан хийж болдгоороо давуу талтай юм. “И-Монгол Академи” УТҮГ-ын залуус энэхүү стандартыг бусад цахим үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хангахад анхаарч тэгш хүртээмжийг бий болгоход манлайлан ажиллахыг уриалж байгаа юм. Yүнээс гадна нэгэн чухал бичиг баримт болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим үнэмлэхийг цахимжуулан E-Mongolia системд нэвтрүүллээ. 

СОНОРДУУЛГА

Мэдэгдэл хүргэх системийг өнгөрсөн оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэвтрүүлж одоогийн байдлаар 20,7 сая удаагийн мэдэгдлийг E-Mongolia аппликэйшн, үндэсний болон цахим шуудангаар дамжуулан хүргээд байна.  

Тэгвэл 3.0 хувилбарын шинэчлэл хийгдсэнээр иргэд өөрийн фэйсбүүк хаягаа E-Mongolia системтэй холбон төрийн үйлчилгээний мэдээллээ мессенжерээр авч болдог боллоо. Ингэснээр иргэн өөрийн фэйсбүүк хаяг, үндэсний имэйл, E-Mongolia аппликэйшны “push notification”, хувийн имэйл хаягуудаас сонгон баримт бичгийн хугацаа дууссан сонордуулга, төлбөрийн нэхэмжлэх болон төрийн үйлчилгээний  мэдэгдлийг шууд хүлээн авах юм.

Тухайлбал, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хугацаа дуусахаас 30, гадаад паспортын хугацаа дуусахаас 180 хоногийн өмнө иргэнд сонордуулга очдог болж байна. 

Мөн СОНОРДУУЛГА хэсэгт ирсэн төлбөрийн нэхэмжлэхээр дамжин E-Mongolia гар утасны аппликэйшнаас бусад банкны аппликэйшн руу хандан үйлчилгээний төлбөрөө төлдөг болсноороо онцлогтой юм. 

ТӨРД БАЙГАА МЭДЭЭЛЛЭЭ ХЯНАХ БОЛОМЖ

E-Mongolia системийн хэрэглэгчид төрийн 11 байгууллага дахь иргэний бүртгэл,  хаягийн өөрчлөлт, өрхийн гишүүд, гэрлэлт, гадаад пасспорт, боловсрол, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх, газар эзэмших, ашиглах эрх болон эрүүл мэндийн даатгал төлөлт зэрэг 14 төрлийн мэдээллээ шалгаж, хяналт тавих боломж бүрдлээ. Мэдээлэл зөрүүтэй тохиолдолд тухайн мэдээллийг хариуцагч байгууллагатай холбоо барих болон хаяг байршлыг багтаасан байна. 

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, мэргэшсэн жолоочийн үнэмлэх, гадаад паспорт, оюутны үнэмлэх, багшийн үнэмлэх, мэргэшсэн жолооны үнэмлэх профайл хэсэгт харагдах ба эрхийн зөрчилтэй жолооны үнэмлэх болон хугацаа дууссан бичиг баримтууд анхааруулах тэмдэгтэй гарч ирнэ. 

ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

  1. Нотариатын үйлчилгээ 

Өнгөрсөн оны 9 дүгээр сард E-Mongolia-гаас авсан 74 төрлийн лавлагаа тодорхойлолтыг заавал нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болсон. Тэгвэл өнөөдөр “Монголын нотариатчдын танхим”-тай хамтран 4 төрлийн лавлагаа, 5 төрлийн нотариатаар гэрчлүүлсэн үйлдлийн хуулбарыг цахимжууллаа. 

Лавлагаа: 

  • Нотариатын үйлдэл гэрчлүүлсэн эсэх лавлагаа, 
  • Нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн лавлагаа, 
  • Хилийн чанадад суугаа нотариатын үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн итгэмжлэлийн лавлагаа, 
  • Нотариатаар гэрчлүүлсэн тээврийн хэрэгслийн гэрээний лавлагаа, 

Нотариатаар гэрчлүүлсэн,

  • гэрээ 
  • итгэмжлэл 
  • гарын үсгийн баталгаа 
  • өвлөх эрхийн гэрчилгээ 
  • мэдэгдэх хуудас зэрэг үйлдлүүдийн архивын хуулбарыг авах боломжтой юм. 

Эдгээр лавлагаа үйлчилгээ зөвхөн 2022 оны 01 сарын 01-ээс хойш Монголын нотариатчдын танхимын гишүүн нотариатчаар үйлчлүүлсэн тохиолдолд гарах болно. 

  1. Нийтийн тээврийн тасалбар захиалах

Иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон эрэлттэй үйлчилгээг E-Mongolia платформоор үзүүлэхийг зорьж байна. Хот хоорондын автобус, галт тэрэг, нислэгийн тизийг нэмэгдэлгүйгээр E-Mongolia системээр дамжуулан захиалах боломжийг “Тапатрип Эжэнси” ХХК-тай хамтран бий болголоо. Тус үйлчилгээг нэгтгэснээр иргэд төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д нэвтэрсэн тохиолдолд дахин өөр веб болон аппликэйшн руу нэвтрэхгүйгээр тасалбараа захиалах юм. 

  1. E-Mongolia системийн вебээс 1111 шууд дугаарт дуудлага хийх

“ТелкоКом” ХХК-тай хамтран гадаад оронд суугаа иргэд ямар нэгэн дугаар шаардлагагүйгээр интернэт сүлжээнд холбогдсон байхад л www.e-mongolia.mn вэбээс 1111 дугаарт хандан дуудлага хийх боломж бүрдлээ. Ингэснээр “И-Монгол академи” УТҮГ-ын Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн оператор ажилтнуудтай шууд холбогдож E-Mongolia систем ашиглалтын заавар, зөвлөгөө мэдээллийг авах боломжтой. 

  1. Цахим ур чадвар цэс

E-Mongolia3.0 хувилбарын хүрээнд вэб хуудсандаа иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх мэдээллийн технологиудын талаарх гарын авлагууд, компьютерын хэрэглээ, мэдээллийн аюулгүй байдал, онлайн орчинд хэрхэн ажиллах зэрэг контентуудыг багтаасан цахим ур чадвар цэсийг “Боловсролын мэдээллийн технологийн төв”-тэй хамтран нэмж орууллаа. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!