“Цахим орчинд мэдэх эрхийг хангах нь” хэлэлцүүлэгт оролцлоо

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь Авлигатай Тэмцэх Газар, Globe International Center, Нээлттэй нийгэм форум болон IFEX олон улсын ТББ-тай хамтран “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн Олон улсын өдрийг тохиолдуулан “Цахим орчинд мэдэх эрхийг хангах нь” хэлэлцүүлгийг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, судлаачдын төлөөллийн 50 гаруй оролцогчид хамрагдаж “Цахим орчинд мэдэх эрхийг хангах” асуудлаар гарц ба шийдлийг хэлэлцэв.

Тус хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Авлигатай тэмцэх газрын төлөөллүүд болон “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын дарга В.Лут-Очир “Иргэдийн цахим ур чадвар-Мэдээллийн боловсрол” сэдвээр илтгэл тавилаа.

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) нь Ерөнхий Ассамблейн 74-р чуулганаар мэдээлэл олж авах эрхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, 2019 оны 10 дугаар сард НҮБ-ын түвшинд албан ёсоор жил бүрийн 09 дүгээр сарын 28-ны өдрийг Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр болгон тунхагласан юм. 

ЮНЕСКО-оос энэ жилийн сэдвийг “Мэдээлэл олж авахад цахим орчны гүйцэтгэх үүрэг” хэмээн онцолж дижитал технологи хурдацтай хөгжиж буй өнөө цаг үед интернэт цахим орчныг мэдээлэл олж авах, мэдээлэл түгээх хэрэгсэл болгож ашиглах нь үзэл бодлоо илэрхийлэх, боловсрол эзэмших, эвлэлдэн нэгдэх, нийгэм, соёл, улс төрд оролцох, эрүүл мэндээ хамгаалах, ажиллах, хөгжих эрхээ хэрэгжүүлэх гол хэрэгсэл болох боломжтойг тодотгож байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа!