Монгол Улсын Засгийн газраас санаачлан “И-Монгол академи” УТҮГ-аас хөгжүүлсэн E-Business платформыг өнөөдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, ЦХХХ-ны сайд, УИХ-ын гишүүн Н.Учрал болон УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, ОУ-ын байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөлөл 150 гаруй зочид оролцов.
Монгол Улсын хэмжээнд 246,361 ААН бүртгэлтэй байгаагаас 62,350 нь Улаанбаатар хотод, 24,006 нь орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Мөн сард дунджаар 1340 хуулийн этгээд шинээр бүртгүүлж байна.
Эдгээр ААН-үүдэд зориулсан тусдаа платформ байхгүй, төрийн үйлчилгээ E-Mongolia системд хэт төвлөрсөн, мэдээллийн сан олон газар салангид зэрэг өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн, бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн E-Business платформыг хөгжүүлсэн.
Бизнес эрхлэгч хүн бүрд зориулсан E-Business платформд хуулийн этгээд үүсгэн байгуулахаас эхлээд татан буулгах хүртэл бүх шатыг цахимжуулж, бүх төрлийн зөвшөөрөл хүсэх, сунгах шийдлүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүллээ.
Энэхүү платформд хуулийн этгээдтэй холбоотой 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, 226 төрийн үйлчилгээ буюу нийт 685 үйлчилгээг нэвтрүүлсэн. Тухайлбал, ААН шинээр байгуулах гэж байгаа хүмүүс хуулийн этгээдийн нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, эд хөрөнгийн жагсаалтаа бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамганы хяналтын хуудас илгээх зэрэг үйл явцыг цахимаар шийдэх юм.
Харин бизнес эрхлэгчид компанийн үндсэн мэдээлэл, хөрөнгө оруулагчдын мэдээлэл, байгууллагынхаа нэр дээрх тээврийн хэрэгсэл, тусгай зөвшөөрөл, газар, үл хөдлөх хөрөнгө, татвар, торгууль зэрэг ААН-ийнхээ бүхий л мэдээллийг нэг дороос харах боломж бүрдсэн. Мөн хуулийн этгээдийн өмчлөгч, нэр, хаяг, өөрчлөх, хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсанг бүртгүүлэх, хуулийн этгээд татан буулгах тухай мэдэгдэх, тусгай зөвшөөрөл авах, цуцлах гэх мэт үйлчилгээг E-Business платформоор дамжуулан авдаг боллоо.
E-Business платформд хуулийн этгээдийн нээлттэй мэдээлэл, өгөгдлүүд ил тод байх бөгөөд хуулийн этгээдийг регистр, нэр болон эзэмшиж буй тусгай зөвшөөрөл, оюуны өмч, төрийн худалдан авах ажиллагааны тендерт шалгарсан байдал зэргээр нь хайх боломжтой.
E-Business платформыг ашигласнаар төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, бизнес эрхлэгчдийн цаг, зардлыг хэмнэх, хөрөнгө оруулагчдыг татах, орон нутгаас бизнес эрхлэх боломж нэмэгдэх юм.