Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia хоёр нас хүрлээ

2022-10-03

Төрийн үйлчилгээг цахимжуулж буй E-Mongolia төслийг 2019 онд санаачлан хэрэгжүүлж, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 23 байгууллагын 181 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн албан ёсоор иргэдэд үйлчилж эхэлсэн бөгөөд өдгөө хоёр жилийн ойгоо угтаж байна. 

E-Mongolia төсөл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “И-Монгол академи” УТҮГ болтлоо өргөжлөө. Өнөөдрийн байдлаар төрийн 63 байгууллагын 689 үйлчилгээг цахимжуулаад байгаа бөгөөд цаашдаа 1000 үйлчилгээг нэгтгэх зорилт тавин ажиллаж байна. Мөн 21 аймгийн нутгийн захиргааны 1,284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн төдийгүй 330 гаруй сумд мэдээллийн оператораар дамжуулан иргэдэд үйлчилдэг. 

Уг төслийг амжилттай болгох суурь анх 2013 онд тавигдсан гэж үзэж болно. Тухайн үед Төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машинаас иргэд 10 төрлийн үйлчилгээ  авах боломжийг бүрдүүлэхийн тулд олон саад бэрхшээлийг туулсан байдаг. Энэ бүхэн нь эргээд E-Mongolia төслийг амжилттай болоход маш том түлхэц болсон юм. Мөн байгууллагуудын цахим шилжилт хурдацтай явагдахад цар тахлын үеийн байдал ихээхэн нөлөөлсөн. 

Ийн цахим шилжилт хурдацтай явагдах тусам эрх зүйн орчинг нэн даруй бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд Монгол Улсын Их Хурлаас цахим хөгжлийн багц хуулиудыг 2021 онд баталсан нь E-Mongolia системийн цар хүрээ, үйл ажиллагааг ихээхэн нэмэгдүүлсэн юм. 

Мөн НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол улс 18 байр урагшиллаа. Өмнө нь 2018, 2020 онд 92-р байранд байсан бол 2022 оны индексээр 74-т эрэмбэлэгдэж ийн 18 байр урагшлахад E-Mongolia систем багагүй хувь нэмэр орууллаа. 

E-Mongolia систем авлига, хүнд суртал ихтэй үйлчилгээнүүдийг цахимжуулахаас гадна хэрэглэгч үйлчилгээ авахад илүү хялбар байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ашиглах боломжийг нэмэгдүүлэх тал дээр түлхүү анхааран ажиллах юм. 

Thank you for your attention!